Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Гадаад дахь монгол судлал

ГАДААД ДАХЬ МОНГОЛ СУДЛАЛ

ХХ зууны тэргүүн хагаст Финланд, Орос, Герман, Польш, Францын эрдэмтэд монгол хэл аялгуу, бичгийн дурсгал, сурвалж бичиг, аман зохиолын талаар олон томоохон бүтээл туурвижээ. Энэ үед Ленинград, Берлин, Парис монгол судлалын гол төв нь болж байв.

ХХ зууны дунд үеэс эхлэн өрнөдийн олон оронд монголыг судлах сонирхол эрс нэмэгджээ. Зөвхөн Америкийн Нэгдсэн Улсаар жишээ болгож дурдвал, 1936 онд Калифорни их сургуульд, 1946 онд Харвард их сургуульд, 1949 онд Вашингтон их сургуульд, 1951 онд Жон Хопкинз их сургуульд, 1963 онд Индиана их сургуульд, 1970 онд Баруун Вашингтоны их сургуульд монгол судлалын төвүүд тус тус нээгдэн ажилласнаас гадна Yale, Чикаго, Висконсин, Колумбиа, Бригам Ян их сургуульд монгол судлалын бүтээлүүд гарч байв.

Түүнчлэн Англи, Франц, Финланд, Герман, Унгар, Польш, Чехословак, Болгар, Румын, Швед, Австралийн их сургуулиудад монгол судлалын их, бага төвүүд нээгдэн ажиллаж эхэлсэн байна. Азийн орнуудын хувьд гэвэл, 1912 онд Токиод, 1920 онд Осакад монгол хэлний анги нээгдсэн бөгөөд тэдгээр нь өдгөө японы монгол судлалын гол төв болж байна. Хожим Киото, Хитоцубаши, Васеда, Хоккайдо, Тохоку их сургуулиудад монгол судлалын сургалт, судалгааны ажил эрчимтэй хөгжсөн байна.

1950-иад оноос Бээжин их сургууль, Төвийн үндэстнүүдийн их сургууль, Өвөр Монголын их сургууль, Өвөр Монголын Багшийн дээд сургуульд монгол судлал эхлэн хөгжиж, Монгол улсаас нэртэй эрдэмтэн багш нарыг урьж ажиллуулж байв.1990-ээд оны эхээр Солонгосын Данкүк их сургуульд монгол хэлний анги нээгдсэн нь эдүгээ тус улс дахь монгол судлалын гол төв болсон байна. Түүнчлэн Турк, Иран, Израйл, Тайваний зарим их сургууль, судалгааны хүрээлэнд монгол судлалын сайн бүтээлүүд гарч байна.

Top