Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Дотоод дахь монгол судлал

ДОТООД ДАХЬ МОНГОЛ СУДЛАЛ

1970 онд Олон Улсын Монголч эрдэмтдийн 2 дугаар их хурлыг зохион байгуулж, тус хурлаас Олон Улсын Монголч эрдэмтдийн байнгын хороог Улаанбаатарт байгуулсан бөгөөд хожим тэр нь “Олон Улсын Монгол судлалын холбоо” болон өргөжиж, Олон Улсын Монгол судлалыг хөхиүлэн дэмжиж, уялдуулан зохицуулах, судалгааны шинэ мэдээллээр хангах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж иржээ.

Өнгөрсөн хугацаанд Олон Улсын Монголч эрдэмтдийн их хурлыг тогтмолжуулан, таван жил тутам зохион байгуулсаар ирсэн бөгөөд нэг удаагийн их хуралд дунджаар 30 орчим орны 400 орчим эрдэмтэд оролцдог боллоо. Их хурлын чөлөөнд монгол судлалын төрөл бүрийн салбаруудаар дотоодын болон Олон Улсын эрдэм шинжилгээний хурлыг жил тутам зохион байгуулж байна.

Эдүгээ Монгол судлалын чиглэлээр зөвхөн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд төдийгүй, улсын болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд, судалгааны зарим төвүүд үйл ажиллагаа явуулж байна.

Сүүлийн үед Монгол Улсын төр засгаас монгол судлалыг олон улсын хэмжээнд эрчимжүүлэх, уялдуулан зохицуулах, хөрөнгө санхүүгийн найдвартай эх үүсвэр бий болгох талаар ихээхэн анхаарч эхэллээ.

2012 онд “Монгол судлалыг дэмжих сан байгуулах” тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч, “Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газраас баталсан нь Олон Улсын монгол судлалын үйл ажиллагаанд Монгол Улсын идэвх оролцоог эрс нэмэгдүүлэх, гадаадын монгол судлалыг хөхиүлэн дэмжих, монгол судлаачдын шинэ үеийг бэлтгэх, монгол үндэсний хэл, соёлын дархлааг бэхжүүлэх бодит боломжийг бүрдүүлж эхэллээ.

“Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” батлагдсанаас хойших жил гаруйн хугацаанд монгол судлаачдад зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулах, гадаадын зарим судлаачдад сургалтын тэтгэлэг олгох, монгол судлалын мэдээллийн нэгдсэн сүлжээ болон төрөлжсөн номын сан байгуулах, Олон Улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, чухал ач холбогдолтой зарим төслийг санхүүжүүлэх, монгол судлалын үндэсний хөтөлбөрийн биелэлтийн талаар телевизийн нэвтрүүлэг бэлтгэн явуулах, Олон Улсын монгол судлалын өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, цаашдын хамтын ажиллагааг тодорхойлох чиглэлээр нэлээд ажил хийгдэж эхэллээ. Мөн монгол судлалын мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулж, эрдэм шинжилгээний сэтгүүл, мэдээллийн цувралууд гаргаж, гадаад, дотоодын монгол судлалын төвүүд болон монголч эрдэмтдэд түгээж эхлээд байна.

“Монгол судлалыг дэмжих сан байгуулах” тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг ёсоор Монгол Улсын Их Хурлаас Монгол судлалыг дэмжих сангийн бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагааны дүрэм журмыг баталсан нь монгол судлалын үйл ажиллагааг бодитойгоор эрчимжүүлэхэд чухал алхам болсон.

Top