Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Чингис хааны иггээсэн Монгол төрийн бичиг хэрэглэсний 800 жилийн ойг тэмдэглэх тухай

МОНГОЛ УЛСЫН 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

       2003 оны 06 дугаар сарын 25 -ны өдөр                                                  Дугаар 105                                                               Улаанбаатар хот

 

ЧИНГИС ХААНЫ ИГГЭЭСЭН МОНГОЛ ТӨРИЙН БИЧИГ ХЭРЭГЛЭСНИЙ

800 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

 

               Бүх Монголын тулгуур төрийг үндэслэн байгуулагч Эзэн богд Чингис хааны таалан соёрхсон бичгийг Монгол төрийн бичиг болгон хэрэглэж эхэлсний 800 жилийн ой 2004 онд тохиож буйг бичгийн мэргэд, олон улсын Монголч эрдэмтдийн судалгаа, тэрчлэн түүх өөрөө нэгэнт гэрчилж байна.

             Хүн төрөлхтний түүхийн урт замд улс үндэстнүүд, ястан угсаатнууд удаа дараа зохион хэрэглэж, гээж, мартаж, сэргээн шинэчилж ирсэн олон олон бичиг үсгийн дотроос түүхэн нас, хэв хэлбэр, зурлага татлага, байрлалаараа ч давтагдашгүй өвөрмөц бөгөөд Монгол хүний хэл, сэтгэхүйн хөгжлийн хувиралд зохицох чадвараа гоц сайнаар харуулан, монгол хэлний бүхий л аялгуунд тэгш төгөлдөр үйлчилсээр сонгодог болтлоо боловсорсон монгол бичиг бол манай ард түмний оюуны соёлын охь манлай бахархал төдийгүй нийт хүн төрөлхтний соёлд бидний өвөг дээдсийн оруулсан жинтэй хувь нэмэр, нэн үнэт зүйлс мөн билээ.

            Монголын ард түмэн зуун зуунаар өртөөлөн эзэмшиж үеэс үедээ өвлүүлэн хэрэглэж, түүх шастираа туурвин бүтээж ирсэн Монгол бичиг нь цаг түүхийн хатуу сорилгыг даван туулж түүх уран зохиолын дурсгалууд, архивын сан хөмрөг, хөшөө дурсгалын бичиг, ном судар, эрдэм шинжилгээ, иргэний харилцаанд гүн үндэс, арвин ундаргаа хадгалсаар даяаршлын зуунтай золгож байна.

               Монголын ард түмний бичиг соёлын ариун гэгээн ойг нийт үндэсний бичиг үсгийн баяр болгон тэмдэглэж байх тухай олон нийтийн хүсэл санаачилгыг хөхиүлэн дэмжиж ЗАРЛИГ буулгах нь:

         1. Чингис хааны иггээсэн Монгол төрийн бичиг хэрэглэсний 800 жилийн ойг 2004 оны 5 дугаар сарын 2-ны өдөр орон даяар албан ёсоор өргөн тэмдэглэсүгэй.

              2. Жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гаригийг Монголын үндэсний бичиг үсгийн баярын өдөр болгож, үндэсний хэл бичиг, түүнтэй холбогдолтой ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах, үндэсний бичгээ чадмаг эзэмших, үр хүүхдэдээ зааж өвлүүлэх талаар өргөн олонд хүртээлтэй их ажил өрнүүлэн ард нийтээр тэмдэглэдэг журам тогтоож түүнийг Чингис хааны мэндэлсний болон, Их Монгол Улс байгуулагдсаны түүхт ойг тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай нягт уялдуулан зохион байгуулахыг Засгийн газар /Ерөнхий сай Н.Энхбаяр/-т чиглэл болгосугай.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ                                                  МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД

                                             НАЦАГИЙН БАГАБАНДИ                                                                НАМБАРЫН ЭНХБАЯР

 

Top