2016.09.15
Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэргэд Орон тооны бус салбар зөвлөл болон “Улсын нэр томьёоны комисс”-ыг сэргээн байгуулах болсон талаар өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн бага хуралд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга бөгөөд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, МУБИС-ийн Монгол судлалын сургуулийн Хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч Л.Жумдаан нарын холбогдох албаны хүмүүс оролцов. Монгол хэлний хуулийн 17.1.1-д аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар энэ хуулийн хэрэгжилтийг хангах, түүнтэй холбоотой үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих; мөн хуулийн 21.7.9-д төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага монгол хэлний хэм хэмжээг баримталж байгаа эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргах гэж тус тус заасны дагуу Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэргэд Орон тооны бус салбар зөвлөлийг байгуулж байгаа аж. Монгол Улсын хэмжээнд Орон тооны бус салбар зөвлөлийг байгуулж ажилласнаар хууль хэрэгжих орчин бүрдэж, харьяа нутаг дэвсгэрийн хүрээнд (аймаг, нийслэл, сум, дүүрэг, яамд) монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чухал ахиц гарах юм.
Эдүгээ Монгол Улс дэлхийн дахинаа олон талт нээлттэй гадаад бодлого баримтлах болсонтой холбоотойгоор шинэ нэр томьёо буй болж байна. Энэ нь хэлний дархлаанд нөлөөлж байгаа тул эдгээр үг хэллэгийг орчуулах, нэр томьёог оноон тогтоох зайлшгүй шаардлага үүсэж, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэргэд “Нэр томьёоны комисс”-ыг сэргээн байгуулж байна. Монгол хэлний хуулийн 21.7.5. энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллагаас боловсруулсан гадаад нэр томьёоны орчуулга, монгол хэлний үгийн санд оруулах шинэ нэр томьёог хэлэлцэн батлах тухай заалт бий. Энэ заалтыг нэр томьёоны комисс цаашид мөрдөж, комиссын гишүүн байгууллагуудтай нягт хамтран ажиллах юм. Дашрамд дурдахад, “Судар бичгийн хүрээлэн”-гийн дэргэд 1924 оны гуравдугаар сарын 28-нд “Нэр томьёоны комисс”-ыг 10 салбар комисстойгоор байгуулж байсан түүхтэй. “Улсын нэр томьёоны комисс” нь Монгол Улсын дотор дагаж, мөрдөх бүх нэр томьёог эрдэм шинжилгээний үндэстэйгээр боловсруулан баталж, түүнийг нийтээр журамлах ажлыг эрхлэн явуулдаг улсын байгууллага байжээ. Үүний үр дүнд “Нэр томьёоны комиссын мэдээ” сэтгүүл хэвлэгдэн бүх төрийн байгууллагуудад хүрдэг байсан уламжлалтай. Тус комисс байгуулагдсанаас хойш бүх шинжлэх ухааны салбар бүрээр 147 цуврал сэтгүүлийг гаргасан байдаг аж. Улмаар “Нэр томьёоны комисс”-ыг сэргээн байгуулснаар “Нэр томьёоны комиссын мэдээ” сэтгүүл мөн хэвлэгдэх юм.
Ж.Болор
Эх сурвалж: www.montsame.mn